Wednesday, May 14, 2014


Зургийн дижитал аппаратны талаар мэдлэгээ тэлээрэй
2011 оны 9 сарын 6

Зургийн аппарат, камер зэрэг нь бидний хувьд гар утас, компьютертай адилхан ердийн хэрглээ болж байна. Монгочуудын ихэнх нь эдгээр төхөөрөмжийн талаар багагүй мэдлэгтэй болсон хэдий ч яг сонголт хийхдээ алдаа гаргах нь бий. Тийм учраас дижитал аппарат сонгохдоо чухам ямар үзүүлэлтүүдийг анхаарах хэрэгтэй талаарх зөвлөгөөг хүргэж байна.

 Дүрс сайн гаргах чадвар

Технологийн хэллэгээр бол үүнийг Resolution буюу дүрслэлийн нарийвчлал гэдэг. Ер нь тоон буюу дижитал дүрслэлтэй зургийн хувьд хамгийн гол гэж болох нэг зүйл нь ямархуу хэмжээний өнгийг хэр зэрэг нарийвчлалтайгаар дүрсэлж чадах тухай асуудал байдаг. Тэгвэл энэ нарийвчлалыг дижитал аппаратын хувьд мегапиксел гэж нэрлэдэг байна. Ихэнх аппаратны хувьд энэ үзүүлэлтийг хайрцган дээрээ болон аппаратан дээрээ, хүний нүдэнд харагдахаар бичсэн байдаг. Жишээ нь, 3.2 Mpixel эсвэл 3.2 Megapixel гэх мэтээр бичдэг.

 Мегапиксел гэж яг юу вэ?

Тун энгийнээр тайлбарлаж болно. Пиксель гэдэг нь компьютерийн дэлгэц дээр тодорхой хэмжээг эзлэн дүрслэгдэх дөрвөлжин цэг гэж ойлгож болно. Жишээ нь таны компьютерийн дэлгэцийг 1280x1024 pixel-ийн харьцаагаар тохируулсан байна гэж үзвэл таны компьютер 1280х1024=1310720 ширхэг пикселийг дүрсэлж байна гэсэн үг. Энэ нь ойролцоогоор 1.2 Megapixel болох юм. Яагаад гэвэл мега гэдэг нь аугаа их гэсэн утгатай грек гаралтай үг бөгөөд дижитал ертөнцөд энэ нь ойролцоогоор 1 сая гэсэн агуулгыг илэрхийлдэг байна. Өнөөдрийн байдлаар дүрслэлийн энэ хэмжигдэхүүний хамгийн доод гэж хэлж болох хэмжээ нь 3.2mp болсон байгаа. Гэхдээ доод гэхээр та хамгийн муу нь гэж ойлгож болохгүй юм. Энгийн хэрэглээнд уг хэмжээ бүхий аппарат маш тохиромжтой байдаг.



Зураг татах чадвар

Үүнийг Zoom гэдгээр нь та сайн мэдэх байх аа. Zoom нь дотроо оптик болон дижитал гэсэн хоёр төрөл байдаг. Оптик таталт гэдэг нь ердийн 35мм-ийн линзтэй аппаратны таталттай ижил бөгөөд зургийн чанар төдийлөн алдагдахгүй гэж хэлж болно. Харин дижитал таталт нь тусгай тоон аргаар зургийг томруулдаг тул чанар нь алдагдах тал бий. Тийм учраас дижитал юм бүхэн “мундаг” гэсэн ойлголтоо та авч хаях хэрэгтэй ба аппарат сонгохдоо оптик таталттайг сонирхоорой. Мэдээж хэрэг таны сонгосон аппаратанд дижитал таталт давхар байвал бүр сайн хэрэг.



Хурд

Зураг авах хурд буюу shutter speed гэж бий. Зарим аппаратны зураг авах хурд нь их удаан байдаг. Жишээ нь, ийм аппараттай бол та хэн нэгний зураг авахдаа дарсныхаа дараа нэлээн хэдэн минут бүү хөдлөөрэй гэж хэлэх хэрэг гарна. Яагаад гэвэл энэ тохиолдолд та зураг авах товчийг дараад удаавтар хугацаанд зогсоход тэр зураг фокусаа алдчихдаг. Зураг авах үед гэрэл сайтай байх тусам хурд сайтай байдаг. Ийм учраас аппарат сонгохдоо хурдыг нь сайн асуух хэрэгтэй.



Зай

Ямар ч дижитал төхөөрөмж зайгаар ажилладаг. Зарим аппарат хуруу зайгаар ажиллах зориулалттай бол харин зарим нь шууд цэнэглэдэг зай, цэнэглэгчтэйгээ ирэх тохиолдол бий. Харин та мэдээж цаанаас цэнэглэдэг аппаратыг сонгох хэрэгтэй. Хуруу зай ордог байсан ч гэсэн Ni-HM буюу Nickel- Hybrid Metal гэсэн цэнэглэдэг зайгаар явахаар байвал сайн хэрэг шүү дээ. Хэрэв гайгүй бага зай хэрэглэдэг хэмнэлттэй аппарат авахгүй бол батерейд үрсээр байгаад нэг мэдэхэд таны санхүүгийн тооцоо нэлээн их гарах хэрэг болно шүү.



Хэлбэр, хэмжээ

Сүүлийн үед монголчууд аль болох овор багатай аппарат сонгох нь ихсэж байгаа. Гэхдээ нимгэн хавтгай гэхээсээ илүү тэгш өнцөгт хэлбэрийн аппаратууд сонговол хүчин чадлын үзүүлэлтүүд нь хоорондоо тохирсон байх нь бий. Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар 2.6 фунт жинтэй, хэмжээ нь 4.1 унац /10 унац нь 283.5 граммтай тэнцэнэ/ байвал хамгийн тохиромжтой гэсэн үзүүлэлт гарчээ. Ерөнхийдөө жижиг аппаратууд авсаархан гэгддэг боловч тэдгээрийн товчлуурууд маш жижигхэн байдаг нь тохиргоонд өөрчлөлт хийхэд хүндрэл учруулдаг тал бий.



Бусад

Энэ хэсэгт аппаратны өнгө, хийц, мөн санах ой, USB буюу холбох утас гэх мэт дагалдах төхөөрөмжүүд орно. Санах ойн хэмжээ их байх тусам сайн хэдий ч аппаратныхаа мегапикселийн хэмжээ, санах ойн хэмжээ ойролцоо түвшинд байвал зүгээр болохыг анхаарна уу. Мөн уян диск, компакт диск хэрэглэдэг эсэхийг шалгахад гэмгүй. Карт уншигч нь авсан зургийг хард диск шиг хадгалах зориулалттай бичил төхөөрөмж бөгөөд та энэ талаар мэдсэн байхад мөн илүүдэхгүй юм. Аппаратны нүүрэн дээр байгаа 1:2.8-4.9 гэсэн хэмжээ бага байх тусам дүрсийг олон янзаар авах боломжтой байна.



Үнэ

Монголоос гайгүй сайн чанарын аппарат худалдан авах бүрэн боломжтой бөгөөд үнийн хувьд 65 мянгаас 3 сая төгрөг байна. Нэртэй фирмийн дижитал аппаратууд үнэтэй байдаг агаад та хэрвээ тэдгээрээс сонголт хийсэн тохиолдолд ямар нэгэн байдлаар аппарат тань гэмтсэн, эвдэрсэн үед арай хямд өртгөөр засуулах боломж бий.



Анхаарах зүйл

Сүүлийн үеийн бүх аппарат болсон болоогүй бичлэг хийдэг, түүнийгээ дагаад өндөр үнэтэй байдаг. Гэвч тэдгээр бичлэг нь шаардлага хангах нь бараг үгүй юм. Тийм учраас та бичлэг хиймээр байвал мөнгөө цуглуулж байгаад сайн чанарын видео камер авсан нь дээр гэж зөвлөж байна.



Тохиргоо

Бүх аппарат таны өмнөөс зураг авах автомат хэрэгсэлтэй байдаг. Сайн чанарын дижитал аппаратуудад дурангийн агшилт суналтын хэмжээ, автомат тохируулгуудаар хангагдсан байдаг. Өөрөөр хэлбэл зургийн нарийвчлалын зэрэг түүний дэвсгэр, фоныг тохируулах, зураг дахь балархай толийг хурдан засаж чадаж байх гэх мэт. Аппаратууд ихэнхдээ бүтэн гар удирдлагатай горимд шилждэг ба эдгээр горимууд аливаа агшинг бодитойгоор авч байх үүрэгтэй юм.



Цэс

Аппаратны сайн муу эсэх нь та үндсэн тохируулгуудыг хэр хялбар гүйцэтгэж чадаж буйгаас хамаарна. Жишээ нь, дэлгэцийн тохиргоо, макро горим, флэш болон өмнө нь хадгалсан зургуудаа эргэж харах зэрэг орно.



Монголд хамгийн сайн гэгдээд байгаа зарим аппаратууд

1. Canon PowerShot s 70
2. Nikon Coolpix 8400
3. Konica Minolta Dimage G600
4. Nikon coolpix 5600
5. Canon Powershot A400
6. HP Photosmart M307

Хамгийн “шилдэг - 10” дижитал аппарат

Америкийн “Eastman Kodak” компаний инженер Стивен Сэссон анх 1975 онд дижитал аппаратны хөгжлийн үндсийг тавьсан гэж үздэг. Энэ цагаас өнөөг хүртэл технологийн асар хурдацтай хөгжлийн үр дүнд секунд тутам дэвшилтэт шинэ бүтээгдэхүүнүүд дэлхийн өнцөг булан бүрт худалдаанд гарч байгаа билээ.

Та бүхэнд хүргэж буй энэхүү мэдээлэл бол технологийн салбарын мэдээ мэдээллийн “PC Mag”, “CNET” сайтуудаас гаргасан эрэлт ихтэй дижитал аппаратны талаарх ерөнхий мэдээлэл юм. Жич: Үнийг харьцуулсан хэлбэрээр дундажлан гаргасан болно.
“Fujifilm X100S” / $1299 
Дэлхийд тэргүүлэх Японы гэрэл зургийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Fujifilm Holdings Corporation” компаниас ретро стилийн дизайн бүхий “X100S” загварыг танилцуулаад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Энэ нь “Fujifilm FinePix X100” загварыг шинэчлэн сайжруулсан хувилбар бөгөөд 16.3 MP дурантай, дизайн болон цэсийг хэрэглэхэд илүү хялбар болгож өгчээ. “Fujifilm X100S” нь 445 гр жинтэй бөгөөд 4896 x 3264 хүртэлх зургийг өнгөний гайхалтай нарийвчлалтайгаар авах боломжтой юм.
“Sony Cyber - Shot DSC - RX100 II” / $734 - $749 
Гэрэл зураг сонирхогчдод зориулсан гэдгээрээ онцлогтой энэхүү загварын тухайд хэрэглэгчдээс чамгүй өндөр үнэлгээг аваад байгаа бөгөөд хэрэглэхэд хялбар, авч явахад авсаархан төдийгүй ердөө 254 гр жинтэй юм байна. Энэ нь “RX100” анхны загварын үргэлжлэл болж гарсан хувилбар бөгөөд “Time” сэтгүүлээс технологийн салбарын шилдэг нээлтээр онцолсон юм. Энгийн боловч чамин ур хийц бүхий шинэ загвартаа “Sony Corporation” 20.2 MP камерийг шийдэж өгсөн ба “Full HD” бичлэг хийх боломж, “Wi - Fi”, “NFC” зэрэг дэвшилтэт хэрэглээг багтаажээ.
“Samsung NX300” / $799
Ухаалаг гэх тодотголтой “NX300” аппарат нь хар, цагаан ба хүрэн өнгийн сонголттой бөгөөд 20.3 MP нарийвчлал бүхий камертай юм. Ретро болон орчин цагийн дизайны аль алиныг нь хослуулан загварчилсан энэхүү аппарат нь “Shoot Fast. Share Faster” уриатайгаар худалдаанд гарсан ба үйлдэл бүр нь маш энгийн ажээ. Хэрэглэгч авсан зургаа “Wi - Fi” ашиглан гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцах боломжтой бөгөөд нэг үйлдлээс нөгөө рүү хөрвөх ажиллагаа нь ”маш хурдан” юм байна.
“Samsung WB250F Smart Camera” / $156 - $299
Технологийн салбартаа тэргүүлэгч Америкийн “CNET” сайтаас энэхүү камерийг эдийн засагт хэмнэлттэйгээс гадна загвар дизайн ба чанарын хувьд боломжийн хэмээн онцолжээ. Энэ нь “Zoom in” хийхдээ маш сайн бөгөөд 14.2 MP камертай юм. Аппаратаа гар утастайгаа “Wi - Fi”-аар холбож авсан гэрэл зургаа автоматаар “Share” хийж утсандаа хадгалах функцээс эхлээд 18 дахин “Zoom in” хийдэг бөгөөд хэрэглэхэд хялбар + 5 цэсийг нэмж өгчээ.
“Canon PowerShot SX280 HS” / $249 - $329 
Харин “Canon” брэндийн “SX280 HS” загварын хувьд чөлөөт гэрэл зурагчнаас эхлээд мэргэжлийн гэрэл зурагчны аль аль нь хэрэглэхэд нэн тохиромжтой төдийгүй хэрэглэгчдийн таашаалд хамгийн ихээр нийцсэн аппарат гэж үнэлжээ. Гэвч аливаа зүйл хоёр талтай байдагчлан зай нь хурдан дуусах гээд байдаг сул талтай юм байна. Үзүүлэлтийн хувьд 12.1 MP ба “Zoom in” хийхдээ чанартай, нэг зургийн дундаж хэмжээ нь 4.5 MB байх зэрэг маш олон онцлог бий.
“Canon EOS 6D” / $2099 - $2899 
“DSLR” төрлийн “EOS 6D” (Body Only!) аппарат нь 770 гр жинтэй ба “GPS”, “Wi - Fi” тохиргоотой бөгөөд үүгээр дамжуулан авсан гэрэл зураг ба бичлэгээ “Youtube”, “Facebook”-тээ оруулах боломжтой төдийгүй хүсвэл хэвлээд ч гаргаж болох юм. Нэг жилийн өмнө шахуу худалдаанд гарсан хэдий ч үнэ цэнээ алдалгүй хамгийн эрэлттэй, чанартай бүтээгдэхүүн хэвээр байгаа билээ.
“Panasonic Lumix DMC - FZ200” / $599 
“PC Mag” сэтгүүлийн эрхлэгчдийн зүгээс “Panasonic Lumix DMC - FZ200” нь “Zoom in” хийхдээ сайн гэгддэг боловч “Sharpen” хийх тал дээрээ илүү мэргэжлийн түвшний аппарат гэж үзжээ. Энэ нь зай болон “Memory Card”-ны хамт 588 гр жинтэй ба 12.1 MP камертай юм. Өнгөний гайхалтай ялгарал бүхий авсан гэрэл зураг бүртээ өөрийн хүссэнээр “Edit” хийх боломжтой ажиллахад хялбар функц, “Sharp LCD” дэлгэцтэй боловч “GPS”-гүй гэнэ.
“Nikon D7100” / $1199
Энэ бол тухайлсан зүйлийн деталь бүрийг нарийвчлан авахын сацуу хөдөлж буй дүрсийг ч гэсэн чанартай авдаг гэдгээрээ үзүүлэлт сайтай аппаратаар нэрлэгддэг байна. “PC Mag” сэтгүүлийн онцолсон “D7100” нь 24.1 MP камертай ба бичлэгийг 1080p чанартайгаар хийдэг аж. “Nikkor” дуран нь өнгө дүрсний нарийвчлалыг гайхалтай гаргаж өгдөг юм байна.
“Samsung Galaxy Camera” / $449
Андройд үйлдлийн систем бүхий “Samsung” брэндийн ухаалаг “гар утас + аппарат” нь 16.3 MP камертай бөгөөд авсан зураг, хийсэн бичлэгтээ “Edit” хийх хялбар функцтэй юм. Америкийн нэрт жүжигчин Жэймс Франкотой хамтран нийтэд танилцуулж байсан “Camera. Reborn” уриа бүхий энэхүү технологи нь 300 гр жинтэй, “Wi - Fi”, “GPS” гэхчилэн технологийн “ухаалан” эринд хэрэгтэй бүхнийг цогцлоожээ. Шинэ загварыг нь 2013.07 сард танилцуулсан ч хэрэглэгчдийн хамгийн их сонирхож буй аппаратын “Топ - 10” жагсаалтад энэхүү загвар нь багтсан ажээ.
“Canon PowerShot Elph 330 HS” / $229
Эдийн засагт хэмнэлттэй мөртлөө үзүүлэлт сайтай удаах аппаратаар сонгосон “Canon PowerShot Elph 330 HS” нь 10 MP камертай, дуран хурц аппарат гэнэ. “CNET” / “PC Mag” сэтгүүлийн эрхлэгчдээс “Онц” үнэлгээг авсан ч сүүлийн үеийн технологийн дэвшилтэт бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад дундаж зэрэглэлд орох юм. Ажиллагаа, цэсний хувьд цэгцтэй бас хурдан бөгөөд зургийг 1.8 секундэд авах чадалтай ажээ.
Bonus: “Olympus Tough TG - 2 iHS” / $359 
Усны хамгаалалттай гэдгээрээ үнэлгээ өндөртэй байсан энэ аппарат нь 12 MP камертай, ус ба тоосны хамгаалалттай, 100 кг хүнд ачаанд дэлгэц нь зурагдаж, цуурахгүй, - 10*C хэмд хөдлөхгүй гэхчилэнгийн давуу тал олонтой юм байна. Бээлий өмссөн байсан ч мэдрэгчтэй дэлгэц нь ажилладаг ба зураг авч, бичлэг хийх чанар нь боломжийн ажээ.

movie maker